Thursday, January 19, 2017

Авиа зүй, түүний судлагдахуун

    Батлав: .................................. А. Мөнхзул / Гадаад хэл, соёлын тэнхимийн эрхлэгч/

Авиан зүй,  түүний судлагдахуун
Хэлийг бүтээж байгаа авиаг тал бүрээс нь судалдаг шинжлэх ухааныг авиазүй гэнэ. Авиазүйд хэлний авиа, түүний бүрэлдэхүүн, авианы тогтолцоо, авианы тохиолдох байр, авианы нийлц, авиа өөрчлөгдөх, авиа сэлгэх ѐс, авианы хууль зүй тогтол, авиа үсгийн харьцаа, зөв бичих ба дуудах ѐс зэргийг судална.
Авиазүйг судлах зорилгоор ангилах нь Авиазүйг судлах зорилгоор нь хэд хэд ангилан хувааж болно. Үүнд:

1.Ерөнхий авиазүй.
Ерөнхий авиазүйд дэлхийн олон хэлний авиазүйн ухааны ерөнхий судлагдахуун, шинж чанар, онцлог, авианы хуулийг судалдаг.

2. Тодорхой авиазүй.
Тухайн нэг хэлний нэгэн үеийн авианы байгууллыг судалж, зүй тогтлыг нээн илрүүлэх зорилготой байвал тодорхой авиазүй гэнэ. Орчин цагийн монгол хэлний авиазүйг судлах ч юм уу, аль эсвэл дунд үеийн монгол бичгийн хэлний авиазүйг тусгайлан судалсан бол тодорхой авиазүйн бүтээл болно.

3. Түүхэн авиазүй.
Аливаа нэгэн хэлний авиазүйг хэлний хөгжлийн түүхэн үе шатаар нь дэс дараалан судалж, авианы хувьсал хөгжил, хуульзүйг нээн илрүүлэх зорилготой байвал түүхэн авиазүй гэнэ. Орчин цагийн монгол хэлний авиазүйн тогтолцоо, түүний хөгжлийн асуудлыг дунд үе, эртний үеийн монгол хэлтэй харьцуулан хийсэн судалгаа нь түүхэн авиазүйд хамаарах юм.

4.Харьцуулсан авиазүй.
Харьцуулсан авиазүй нь төрөл хэлнүүд, эсвэл нэгэн хэлний олон аялгууг харьцуулан судалж ижил хэв шинж, эсвэл ялгаа онцлогийг танин мэдсэний дүнд авианы хөгжлийн хууль, авианы гарал үүсэл, харьцаа холбоо зэргийг танин мэдэх зорилготой байна.

5. Зэрэгцүүлсэн авиазүй.
 Зэрэгцүүлсэн авиазүй нь төрөл биш хэлний авиазүйн асуудлыг жишин зэрэгцүүлэх аргаар ижил төстэй зүйл, эсвэл ялгаа бүхий тогтолцоог илрүүлэн таних зорилготой. Авиазүйн зэрэгцүүлсэн судалгаа нь ерөнхий хэлшинжлэлийн онолын мэдлэгийг тэлж, гадаад хэл сурахад онол-үйлдлэгийн ач тустай юм.

6. Туршилт авиазүй.
Хэлний авиазүйн тогтолцоо, үе, өргөлт, аялга зэрэг авиазүйн гол гол асуудлыг тусгай лабораторид зориулалтын багаж төхөөрөмжөөр судалж үр дүнд хүрэхийг туршилт авиазүй гэнэ.

7.Хэрэглээний авиазүй.
 Хэрэглээний авиазүйд авиазүйн шинжлэх ухааны онол судалгааны үр дүнг хэлбичиг заан сургах үйл ажиллагаанд хэрхэн нэвтрүүлэх, ашиглах асуудлыг судалж, сургалтад нэвтрүүлнэ.


No comments:

Post a Comment