Thursday, January 19, 2017

Авианы өнгө

Авианы өнгө

Сонсолзүйн үүднээс авианд үндсэн өнгөөс гадна нэмэлт өнгө буюу цуурайтуулагчийн өнгө гэж бий. Өөрөөр хэлбэл гарч байгаа дуу, авиа ямар байх нь үндсэн өнгө, нэмэлт өнгө хоёрын хоорондын харьцаанаас хамаардаг. Авианы үндсэн өнгө ямар байх нь авиа үүсгэгчийн өөрийн шинж чанараас голлон хамаарна. Тухайлбал хүмүүсийн дууны хөвчийн хэмжээ, шинж өөр өөр байдаг учраас хүн бүрийн дуу өөр байна. Энэ бол үндсэн өнгийн асуудал. Гэхдээ авианы бие биеэсээ ялгарах өвөрмөц өнгийг бий болгоход нэмэлт өнгө онцгой үүрэгтэй. Нэмэлт өнгийг цуурай үүсгэгч үүсгэдэг. Нэмэлт өнгө нь цуурайтуулагчийн хэлбэр дүрс, овор хэмжээ, ханын гадаргуугын нягт хатуу, хөвсгөр зөөлөн, байх зэргээс шалтгаалан өөр өөр байдаг. Энэ нь чухамдаа үүссэн агаарын хэлбэлзлийн давтамжийн хүч, чиглэл зэрэгт янз бүрээр нөлөөлж дууны үндсэн өнгөнд нөлөө үзүүлж байгаа хэрэг юм. Морин хуур, хуучир, мондалин, гитар зэрэг утсан хөгжмийг сонсоод бид саадгүй ялгаж чаддаг. Учир нь хөгжмийн зэмсгийн цуурайтуулагчийн хэлбэр дүрс, хэмжээ, шинж чанараас шалтгаалан дуу нь өөр өөр байгаа хэрэг юм.
Хэлний авиа гарахдаа тохиолдох саадыг давж гарах, саадыг шүргэж гарах, саадгүй сул чөлөөтэй гарах зэргээс шалтгаалан үндсэн өнгөнд өөрчлөлт орно. Авианы өнгө нь нэг авиаг нөгөө авианаас, нэг хүний дууг нөгөө хүний дуунаас ялгаж өгдөг. Нэг авиаг өндөр нам, чанга сул, урт богино янз бүрээр өгүүллээ ч авианы өнгө төдий л хувирдаггүй.
Уушгинаас гарсан хий жигд гарвал дуу үүсч, жигд биш гарвал анир үүснэ. Эгшиг авиа үндсэндээ дуунаас , гийгүүлэгч авиа анираас бүтнэ.

        

No comments:

Post a Comment