Бүтээвэр түүний ангилал
Бүтээвэр гэж юу вэ?
Аливаа хэлийг бүрдүүлдэг гол хэрэглэгдэхүүн нь үг болно. Үг ямар ямар хэсгүүдээс бүтэж тэдгээр нь хоорондоо ямар харьцаатай байна вэ? гэдэг нь хэл шинжлэлийн чухал асуудлын нэг юм. Монгол хэлний үгийн бүтцийн үндсэн нэгжийг бүтээвэр гэнэ. Бүтээвэр түүний байрлал, бүтэц, утга, үүргийг судлах хэл шинжлэлийн салбар ухааныг бүтээвэр зүй гэдэг. Бүтээвэр гэдэг нь үгийн бүтцийн цааш үл задрах хамгийн бага утгат хэсэг бөгөөд түүнд үгийн язгуур, залгавар угтвар, оруулбар, дагавар, нөхцөл, хамруулан авч үздэг.Үгийн утгат хэсгээр салах нийлэх ёсыг үгийн бүтэц гэнэ. Жнь: эрдэм-тэн, ажил-чин Монгол үгийн бүтцэд оролцож байгаа бүтээвэрүүд нь тогтсон байр нарийн дэс дараатай байна. Монгол үгийн бүтээвэрүүд нь: язгуур+дагавар+нөхцөл гэсэн ерөнхий байр дараалалтай байна.
Монгол хэлэнд тохиолдох зургаан тэг бүтээвэр
- Ганц тооны тэг нѳхцѳл
- Нэрлэхийн тийн ялгалын тэг нөхцөл
- Өөрөө үйлдэх хэвийн тэг дагавар
- Энгийн үйлдэх байдлын тэг дагавар
- Үйлийн 2 биед шууд захирах тэг нөхцөл
- Үндэс үүсгэх тэг дагавар
Үгийн бүтэц буюу бүтээврийн задлал хийх аргачлал
Ѳгүүлбэрээс сонгож авсан үгийг үгийн бүтэц, бүтэх арга, үгсийн аймгийн онцлог шинжээр нь тодорхойлох зорилготой задлалыг үг зүйн бүрэн задлал гэнэ. Үг задлалыг агуулгаар нь
- Үгийн бүтцийн / бүтээврийн /
- Үг бүтэхийн
- Үгсийн аймгийн гэсэн дарааллын дагуу задална.
Тухайн хэлзүйн үгийн ямар ямар утгатай хэчнээн бүтээвэр байгааг тодорхойлох зорилготой задлалыг бүтээврийн задлал гэнэ.
Бүтээврийн задлал хийхэд анхаарах зүйлс:
-Үгийн бүтцэд ордог бүтээврүүдийн байр, дэс дарааг сайн мэддэг байх
-Зөрчих тохиолдлуудыг сайн мэддэг байх
-Бүтээврийн нийлц дээрх авиа хувьслын болон зөв бичих дүрмийн үзэгдлийг мэддэг байх
-Өгүүлбэрийн хам шинжээс сонгож авсан үгээс бүтээврийн тэг хувилбар, тэг бүтээврийг харьцаанаас нь ялган таньдаг байх
-Язгуурыг төрөл үгтэй нь харьцуулж зөв олж чаддаг байх
-Дагавар бүтээврийн байр, утга, үүргийг нарийн мэдэж тодорхойлох
-Нөхцөл бүтээвэр, түүний үндсэн шинжийг нэрлэн тодорхойлж чаддаг байх
-Үгийн бүтцэд буй хэлбэр ижил боловч утга, үүргээрээ өөр бүтээврүүдийг ялган таньдаг байх
-Үгийг өгүүлбэр дэх харьцаа /ямар үгтэй холбогдож байгаа /- аас нь зөв ажиглан хойноос нь ургаш задлан тайлбарлана.
No comments:
Post a Comment