Авианы өндөр нам шинж
Авианы өндөр нам нь хэлбэлзлийн давтамжаас шалтгаална. Нэгж хугацаанд хэдий чинээ олон давтамжтай хэлбэлзвэл гарах дуу өндөр буюу нарийн байна. Нэгж хугацаанд хэдий чинээ цөөн давтамжтай хэлбэлзвэл гарах авиа төдий чинээ нам буюу бүдүүн байна. Хэлбэлзлийн давтамжийн тоо нь хэлбэлзэгч биеийн шинж чанараас шалтгаална. Хэлбэлзэгч бие бүдүүн бол нам, бүдүүн дуу, нарийн бол өндөр нарийн дуу гарна. Жишээ нь : гитарын бүдүүн утаснаас бүдүүн дуу, нарийн утаснаас нарийн дуу гардаг.
Нас биед хүрсэн эрэгтэй хүний дууны хөвч эмэгтэйчүүд, хүүхдийнхээс урт, зузаан байх учир нэгж хугацаанд цөөн хэлбэлзэж нам, бүдүүн дуу гардаг. Харин эмэгтэйчүүд, хүүхдийн дууны хөвч эрэгтэйчүүдийнхээс богино, нимгэн байх тул нэгж хугацаанд олон хэлэлзэж өндөр нарийн дуу гардаг.
Авианы чанга сул шинж
Авианы чанга сул шинжийг хэлбэлзэгч биеийн хэлбэлзлийн далайц буюу агаарын долгионы уртаар тодорхойлно.
Дууны хэлбэлзлийн далайц нь хичнээн их байвал төдий чинээ хүчтэй, чанга авиа гарна. Далайц нь хичнээн бага байвал төдийчинээ хүч багатай сул авиа гарна. Иймээс хэлний авиа чанга сул байх нь уушгинаас гарсан хийн түрэлтийн хүчнээс хамаарна. Авиаг өгүүлэхэд уушгинаас гарах хийг хичнээн хүчтэй шахаж өгүүлэхийн идэвхтэй эрхтний булчинг чангаруулан хүчдэж хэлбэл төдий чинээ чанга авиа гарна. Харин уушгинаас гарах хийн түрэлтийн хүч бага, өгүүлэхийн эрхтний хүчдэл сул бол сул авиа гарна.
Дууны өндөр нам , чанга сул гэдэг нь ялгаатай. Чанга авиаг ч сул авиаг ч өндөр буюу нам өгүүлж болно. Харин хүч буюу чанга сулаараа адил авиа нь өндөр нам буюу нарийн бүдүүнээрээ ялгаатай байж болно.
Авианы удаан түргэн шинж
Авиаг удаан, түргэн янз бүрийн хугацаагаар өгүүлэх нь авианы урт богинотой холбоотой. Эгшиг авиаг уртаар богиноор ялган дуудаж болно. Монгол хэлэнд эгшиг авиаг урт, богиноор өгүүлэх нь үг бүтээврийн утга ялгах авиалбарын үүрэгтэй холбоотой байдаг. Жишээ нь: ул-уул, сар-саар, сэр-сээр. Мөн урт эгшгийг хэт уртаар ч дуудаж болдог. Энэ нь өгүүлэгчийн сэтгэл хөдлөлтэй холбоотой. Жишээ нь: дээр үед- der ujud; xалуун- xalu xalu , тээр тэнд- ter tendэ
No comments:
Post a Comment